Шинэ түвшний дээд боловсрол: “Их сургууль бол хүнийг гэгээрүүлдэг бас бодож сургадаг.”
Судалгааны их сургуулийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь юуны түрүүнд төр, бизнесийн байгууллагын захиалгат судалгаа, технологийн шийдэл, загвар модель гаргахад байдаг. Түүнчлэн төгсөлтийн дипломын ажлын үр дүн нь шинэ бүтээл, патент авах, мэдлэгт суурилсан хөрөнгө оруулалт хийх, старт-апуудыг байгуулан хөгжүүлснээр прагматик сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход энэ онцлог сургалтын үр дүн чиглэнэ. Цаашлаад мэдлэгийн болон мэдлэгийг бий болгох нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулах, импортыг орлох экспортын бараа бүтээгдэхүүний чанарын баталгаажилтыг хийх, нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
МУИС нь ирээдүйд улс орны хөгжлийг түүчээлэн авч явах, олон улсын төвшинд өрсөлдөх чадвартай Монгол хүмүүн баялаг, ялангуяа өндөр технологийн чиглэлийн судлаач мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэх, дэлхийн шилдэг их сургуулийн нэг болох зорилгоор шинэ стратегийг боловсруулж, нийгэм, эдийн засаг, инновацийн хөгжлийн хөдөлгүүр болох судалгааны их сургуулийн шинэлэг загварыг хэрэгжүүлж эхлээд байна гэж харж байна.
Түүнчлэн суралцахуйн үйл ажиллагаанд оюутан төвтэй бүтээлч сургалцахуйн аргыг эрэлхийлж, танхимын сургалтыг онлайн виртуаль орчны сургалттай хослуулан хэрэгжүүлэхэд алс хэтийн бодлоготой ажиллан 21-р зууны байгаль нийгэм, инженерчлэл, өндөр технологи, түүхий эд нөөцөд тулгуурласан шинэ үйлдвэрлэл, хиймэл оюун ухааныг Монгол улсад хурдацтай хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Мэдлэг, боловсрол, их сургууль өөрөө дэлхий нийтийн баялаг тул оюутан сурч боловсрох, хөгжихөд шаардлагатай бүхий л нөхцөл боломжийг бий болгоход анхаарч, багш оюутан бидний идэвхтэй үйл ажиллагаанаас нийгмийн хөгжилд хүчтэй түрэн орж ирж буй старт-ап, хамтын оффис, хаб, энтрепренершип ба инновац, CDIO, MOOC, OCW, edX, Lightboard онлайн хичээл зэргээс бодит биеллийг олж харж болно.
Ирэх 10-20 жилд Монгол улсад томоохон бүтээн байгуулалт хийгдэх нь тодорхой. Энэ бүтээн байгуулалтад хамгийн түрүүнд Монгол ерөнхий уламжлалт (хот байгуулалт, механик, цахилгаан, хими, материал судлал) болон өндөр технологи (мэдээллийн, био-, нанотехнологи)-ийн инженерүүд л манлайлан ажиллах болно. Иймд компани, аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан нээлттэй лаборатори, төв, судалгааны төсөл, оюутан солилцооны хөтөлбөр, үйлдвэрлэлийн дадлага хийх боломжийг оюутнуудад улам өргөн дэлгэр болгох шаардлагатай байна.
Хүн ам, ажиллах хүчний хязгаарлагдмал нөөцтэй манай орны хувьд мэдлэгт суурилсан, өндөр технологийн, програмжиж автоматжсан аж үйлдвэрлэл ирээдүйн хөгжлийн цорын ганц гарц гэдэгт эргэлздэггүй.
Сүүлийн хэдэн жил эрчимтэй яригдаж байгаа мэдээллийн технологи, програм хангамж, технологийн инновац, био- болон нанотехнологийн аж үйлдвэрлэл хөгжүүлэх, дээд боловсролын шинэтгэлийг зөв хэрэгжүүлэхэд тэдгээрийг манлайлж, гардан хэрэгжүүлж байгаа МУИС-ийн хими, хими технологи, нано шинжлэх ухаан, нанотехнологи, нано-инженерчлэлийн хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж байгаа оюутнууд, энэ чиглэлээр гадаад дотоодын их сургуулиудад ажиллаж, мөн суралцаж байгаа залуу судлаач, инженер, эрдэмтэн та бүхний өмнө манай төвийн үүд хаалга нээлттэй байх болно.
“Их сургууль бол хүнийг гэгээрүүлдэг, бас бодож сургадаг. ЭНДЭЭС ОЮУТАН БҮР ӨӨРИЙН БҮХ МЭДЛЭГ ТУРШЛАГА, БОЛОВСРОЛД НУУГДСАН ЭРДЭНЭСИЙГ ОЛЖ АВДАГ.”
Төвийн захирал, Проф. Ч.ГАНЗОРИГ
Химийн болон техникийн ухааны доктор