“Багш, оюутны стартап-2020” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийг 2020 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүллээ.
Хөтөлбөрт нийт 11 багийн 79 багш, оюутан оролцсон ба зохион байгуулагчаар МУИС-ийн Инновац, технологи дамжуулах төв, хөтөлбөрийн үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр Рио Тинто Монгол ХХК ажиллав.
“Багш, оюутны стартап-2020” хөтөлбөрийн сургалт, менторын үйл ажиллагаанд МУИС-ийн БС, Бизнес консалтинг төв, Оюуны өмчийн газар, “Старт Централ Азиа ХХК”, “TomYo EdTech” ХХК, “Азума Шиппинг Монголиа ХХК”, Рио Тинто группийн Инновацийн стратегийн нэгж зэрэг байгууллагууд болон хөтөлбөрийн мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаанд Боловсрол ТВ, “Нийгмийн хөгжлийн гарц” ТББ, Лүүп ХХК хамтран оролцлоо.
“Багш, оюутны стартап-2020” хөтөлбөрт хамрагдсан гарааны компанийн төслүүдээс сонгон шалгаруулалтыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13:00-16:00 цагт цахимаар “Google Meet” платформд зохион байгууллаа. Шалгаруулалтын шүүгчдийн багт МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, “Рио Тинто” компанийн Монгол дах Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Даваасүрэн, “Азума Шиппинг Монголиа ХХК”-ийн захирал Ч.Чинзориг, TomYo EdTech, AND Global, Lend MN, Biznetwork-ийн үүсгэн байгуулагч, энтрепренёр В.Баярсайхан, “ICT” группийн захирал Г.Лхамсүрэн нар ажиллалаа.
Шалгаруулалтын нэгдсэн дүнгээр:
- 1-р байрт ХШУИС, ХБИТ-ийн дэд проф. Х.Тэгшжаргал удирдагчтай “NSIA” баг, “Зэс-цайрын ислийн композит нанопартикл агуулсан бактерийн эсрэг цацлага үйлдвэрлэх” төсөл (гарааны тэтгэлэг-12 сая ₮)
- 2-р байрт ХШУИС, ХБИТ-ийн дэд проф. Б.Даваапүрэв удирдагчтай “Ургамал” баг, “Элэг хамгаалах бэлдмэл “Livepro”, “Хөөрөл” бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл (гарааны тэтгэлэг- 10 сая ₮)
- 3-р байрт ХШУИС, ЭХИТ-ийн дэд проф. Д.Номин-Эрдэнэ удирдагчтай “Nirge Systems” баг, “Cloudprint хэвлэх үйлчилгээ” төсөл (гарааны тэтгэлэг-8 сая ₮) тус тус шалгарлаа.
Баг хамт олонд баяр хүргэе!