ДОКТОРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Докторын сургалтын төлөвлөгөө нь нийт 60 багц цаг байна. Үүнд:
- Мэргэжлийн хичээл 8-9 багц цаг,
- Мэргэшүүлэх хичээл 14-15 багц цаг, /үүнээс 6 багц цагийг бусад тэнхим, сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудаас сонгон судлана/
- Эрдэм шинжилгээний ажил 12 багц цаг,
- Докторын диссертаци 24 багц цаг байна.
Докторын хөтөлбөрийн хувьд улиралд дунджаар 10 /эчнээ бол 6/ багц цагийн хичээл судлах нь зохимжтой бөгөөд судлавал зохих багц цагийн дээд хэмжээ 15 /ХЗС бол 13/ байна.
Докторын сургалтын хугацаа 3-4 жил байна. Тодорхой болзол хангасан докторантыг бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр экстернат хэлбэрт шилжүүлэн суралцуулж болох бөгөөд бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. Үүнд:
- Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад сургалт, эрдэм шинжилгээний ажлыг 8-аас дээш жил хийсэн туршлагатай,
- Эрдэм шинжилгээ, сургалтын 15-аас доошгүй бүтээл хэвлэн нийтлүүлсэн, үр дүн нь диссертацид орохгүй бүтээлүүд нь мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдийн багц цагтай дүйцүүлэн тооцох боломжтой,
- Агуулга нь докторын диссертацийн 75 дээш хувийг хангахуйц бүтээл бичиж бэлэн болгосон.
Экстернатаар суралцахыг хүссэн докторантын эрдэм шинжилгээний ажлын агуулга, чанар, үр дүнгийн талаар үнэлгээ өгч, бүтээлээр нь тооцох багц цагийг тодорхойлж, суралцах болзол хангасан тухай бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэр гарсан байна.
Докторын хөтөлбөрт тухайн чиглэлээс өөр магистрын боловсрол эзэмшсэн элсэгчидэд элсвэл суралцах хөтөлбөрийн нийт багц цаг 15 хүртэл байх бөгөөд тухайн шинжлэх ухааны магистрын түвшний мэргэжлийн суурь хичээлүүдээс тухайн докторантын судлах чиглэл, өмнө эзэмшсэн боловсрол, мэдлэг, туршлагыг харгалзан удирдагч багшийн саналыг үндэслэн хөтөлбөрийн дэд хороо шийдвэрлэн суралцуулна.
Докторант нь мэргэжлийн хичээлийн багц цагийг амжилтай судалсаны дараа докторын судалгааны ажлыг эхлүүлэхийн өмнө нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалт авах бүрэлдэхүүн, хуваарийг холбогдох тэнхим, хөтөлбөрийн хорооны саналыг үндэслэн бүрэлдэхүүн сургуулийн захирал батална.
Докторын эрдэм шинжилгээний ажлын багц цагийг удирдагч багшийн удирдлага дор докторант сургалтын туслах ажилтнаар ажиллаж бакалаврын хичээлийн лекц, семинарын хичээл заах, удирдагч багшийн удирдлага дор судалгааны туслахаар ажиллах, удирдагч багштай хамтарч хийсэн судалгааны ажлын үр дүнг Томсон Ройтерс, Скопус зэрэг дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй болон бусад хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж цуглуулсан байх шаардлагатай.
Магистр, докторын эрдэм шинжилгээний багц цаг, магистрын судалгааны ажил, докторын диссертацийг тухайн сургалтын хөтөлбөрийн дагуу тооцно.
Сургалтын төлөвлөгөөтэй танилцана уу.