0%

Гадаад, дотоодын тэтгэлэг авахыг хүсвэл юу мэдэх ёстой вэ? | MOMENTUM

Гадаад, дотоодын тэтгэлэг авахыг хүсвэл юу мэдэх ёстой вэ? | MOMENTUM

Тэтгэлэг авдаг хүүхдүүд тусдаа л байдаг байх гэж бодож байна уу? Тийм бол та андуурсан байна. Хичээсэн боломжийг ирэлхийлсэн оюутан бүрт тэтгэлэг авах боломж бий. Яагаад гээч? Мэдээж таныг зүгээр хүлээн суухад тэтгэлэг өөрөө гүйгээд ирэхгүйтэй адилаар хамгийн мундаг 20 эсвэл 50 хүүхэд бүх тэтгэлгийг аваад байдаггүй. Тэтгэлэг олгогчид аль болох хүртээмжтэйгээр оюутнуудыг давхцуулалгүй тэтгэлэг олгохыг эрмэлздэг. МУИС-ийн оюутны алба ч үүний адилаар жилд 1 оюутанд 1 тэтгэлэг өгөх дүрмээ чанд мөрддөг. Үүгээр юу хэлж байна вэ гэхээр тэтгэлэг зарлагдаж та аваагүй ч дараагийн удаад өрсөлдөгчдийн тоо багасаж, босго намсадаг юм.

Боломж байдаг юм бол оролдоод үзэцгээе.

1. MЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖАА САЙЖРУУЛ

Та МУИС-ийн нэг номерийн оюутан байсан ч тэтгэлэг таныг олоод ирэхгүй. Тиймээс эрэл хайгуулыг өөрөө хийх хэрэгтэй. Та МУИС-д сурч байхдаа Ерөнхийлөгч ба ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг болон сан, байгууллага, хувь хүний нэрэмжит тэтгэлгүүдийг хүртэх боломжтой. Бүгдээрээ мэдээлэл авах эх сурвалжийг хамгийн хялбараар 2 хуваан авч үзье. Нэгдүгээрт, МУИС-аар дамжин олгогддог тэтгэлгүүд. Энэ тэтгэлгүүдийн материал хүлээн авах ажлыг манай оюутны алба хариуцаж, шаардлага хангасан материалуудтай тухайн тэтгэлгийн журамд заасны дагуу МУИС-ийн бүрэлдэхүүн хэсэг эсвэл тэтгэлэг олгогчид танилцан шалгаруулалтыг хийдэг. Энэхүү тэтгэлгүүдийн мэдээлэл тэтгэлгийн хугацаа дуусахаас 10-аас доошгүй хоногийн өмнө МУИС-ийн сайтны тэтгэлэг цэсэнд тавигддаг. Хоёрдугаарт бусад тэтгэлгүүдийн талаар хамгийн хурдтайгаар мэдээлэл авч болох аппликейшн бол Тэтгэлэг юм. Энэ аппликейшн ямар ч төлбөргүй бөгөөд бодсоноос чинь хурдан мэдээллээр хангах болно. Долоо хоногийн нэг өдөр тогтмол сайт болон аппликейшнийг шалгаж хэвшвэл тун зүгээр. Эрт босвол нэгийг үзнэ гэдэг шиг энэ 2-оор зочилоод байхад та тохирсон тэтгэлгээ олно гэдэгт итгэлтэй байна.

2. СЭТГЭЛ САНААГАА БЭЛД

Сэтгэлээ гарган бэлдэн, хичнээн итгэл найдвар тавьсан байсан ч таагүй хариу авах үе нилээд олон. Тиймээс эхнээсээ нэг дүрмийг тохирцгооё. Заавал мундаг нь байх ёстой, заавал энэ удаад тэтгэлгийн эзэн болно гэсэн дарамтийг өөртөө бий болгохгүй зүгээр л үзээд алдацгаая. Шалгарчихвал үнэхээр сайн ч шалгараагүй бол муу гэсэн үг биш. Та бол хойноос нь харамсаж суугаагүй үзээд алдсан зоригтон. Энэ удаад тэнцсэнгүй, тэгээд юу гэж? дахиад дараагийн оролдлогоо хийцгээе. Одоо харин илүү туршлагатай үзнээ гэсэн хүлээлт үүсгээгүй, тогтвортой сэтгэл зүйг өөртөө бий болгоорой.

3. ТЭТГЭЛГИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГА

Хүсэл эрмэлзэл байвч бид тэтгэлгүүдийн ерөнхий шаардлагуудыг хангахгүй байвал бид материал өгөх боломжгүй. Тэтгэлэг бүхэнд өөрийн онцлог, зорилтот бүлэг гэж бий. Тэдгээрийн талаар урьдчилан судалж, чиний юу давуу тал болох боломжтойг тодорхойлохыг хичээгээрэй. Гэхдээ энэ нь хий хоосон өөгүй, хуурамч өөрийгөө үүсгэ гэсэн үг биш. Өөртэйгөө илүү ажиллаж өөрийн бодит үнэн давуу талыг өнгөлөөрэй гэсэн үг юм шүү. Тэтгэлгүүдийн хамгийн нийтлэг шаардлага нь голч дүн 3 болон түүнээс дээш идэвхитэй төлөвийн суралцагч байх (сүүлийн 2 улирал тасралтгүй суралцаж, 12-оос доошгүй багц цагийг амжилттай судалсан байх). Үүн дээр нэмээд нийгмийн идэвхи, оролцоо болон сургууль, улс, олон улсын хэмжээнд гаргасан амжилтууд давуу тал болдог.

Эдгээр нийтлэг шаардлагуудыг чи хангаж байвал шууд зоригтой хөдөлж материалаа өг. Багтахгүй бол мөн л зоригтой хөдөлж, дараагийн улирал гэхэд шаардлагыг хангаад материалаа өг.

4. ЯАЖ ИЙГЭЭД ЦАГТ НЬ БҮРЭН БЭЛДСЭН МАТЕРИАЛ ӨГ

Тэтгэлгийн эцсийн хугацаанд багтааж материалаа өг. Энэ нь 2 утгатай. Нэг талаас хоцорсон материалыг ямар мундаг байсан ч тэтгэлгүүд хүлээж авдаггүй. Тиймээс цагт нь л өгөх ёстой. Нөгөө талаас 1 хоног үлдсэн ч бай, 2 цаг үлдсэн ч бай чамд боломж байгаа. Хүүхдүүд хааяа цаг нь тулаад ирэхээр за за, амжихгүй юм байна, би чадахгүй юм байна гээд орхидог. Үлдсэн хугацаанд амжуулах ямар нэгэн зам харагдаж л байвал үзээд алд. Цаг нь тулах тусам биднээс ямар их нөөц гардаг гээч. Мэдээж энэ нь байнга цагийг нь тулгаад, өөрийгөө байнга нервтүүлээд бай гэсэн үг биш. Аль болох эртнээс төлөвлөж, бодож, нямбай бэлтгэх тусам чиний тэтгэлэг авах магадлал ихсэнэ.

Цагт нь өгөхтэй эн тэнцүү чухал зүйл бол бүрэн материал бэлтгэх. Дутуу бэлдсэн материалууд сонгон шалгаруулах бүрэлдэхүүн хэсэгт очилгүйгээр хасагддаг. Иймд дутуу материал бэлтгэх нь бараг цагийн гарз.

5. ЯГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙ

Манай дотоодын тэтгэлгүүд ихэвчлэн эссэ зарим тохиолдолд ярилцлага авч шалгаруулалтаа хийдэг. Аль ч замаар таныг шалгасан бай өөрөөрөө байгаарай. Ингэвэл намайг сонгох байх, ийм л оюутан хайж байгаа байх гэсэн төсөөллийнхөө хүний дүрд бүү хувираарай. Эссэндээ ч тэр, ярилцлагандаа ч тэр гоё ганган үг хэрэглэхээс илүүтэйгээр өөрийн бодит үнэнийг өгүүлээрэй. Өөрийнхөөрөө байхдаа таны жинхэнэ хүсэл эрмэлзэл, тэмүүлэл чинь илүү тод харагдах болно.

Яг одоо Мицубиши Корпорацийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Магадгүй удаан хугацааны дараа хичээл танхимаар эхлээд, ихэнхи оюутан хөлөө олоогүй яваа байх, өрсөлдөгч бага байж магадгүй энэ үед боломжийг атгаад аваарай. Амжилт!


Нийтлэлийг бэлтгэсэн:

Бусад мэдээ