"GIRLS IN NANO" эмэгтэй оюутнуудад зориулагдсан тэтгэлэг гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн сургуулийн Наношинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрөөр сурч буй эмэгтэй оюутанд Нано Интернэйшнл компанийн зүгээс сургалтын төлбөрийн дэмжлэг тэтгэлэг зарласан билээ.
Тус тэтгэлэг хүсэгчдэд дараах шалгуурыг тавьсан. Үүнд:
- МУИС-ийн Нано шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрт идэвхтэй суралцаж байгаа эмэгтэй оюутан байх;
- Урьд нь өөр тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх.
Нэмэлтээр:
- Сайн дурын ажилд идэвхийлэн оролцдог, нийгмийн идэвхтэй байх;
- Эрдэм шинжилгээний ажилд оролцож байсан, дотоодын болон ОУ-ын хуралд оролцсон туршлагатай бол давуу тал болно.
Уг тэтгэлэг гардуулах ёслол 11 сарын 2-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн 4-р түвшний 3 эмэгтэй оюутан тэтгэлэгийн бүх шалгуурыг хангасан бөгөөд тус компанийн зүгээс тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, гайхалтай бэлгийг барьж чадлаа.
Мөн тэтгэлэг гардуулах ёслолын үеэр тэтгэлэг санаачлагч Нано Интернэйшнл компанийн гүйцэтгэх захирал, RE/MAX Mongolia бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам оюутнуудад Австралид хэрхэн тэтгэлэгтэй суралцах, тэтгэлэгийн талаар танилцуулга хийж, өөрийнхөө мэдлэг, туршлагаас хуваалцсан юм.
Тэтгэлэг санаачлагч хэлэхдээ: "Эмэгтэй оюутнуудыг инженерийн салбарт өөрийгөө гололгүй, итгэл төгс сурч байгаад маш их баяртай байна. Сургалтын төлбөртөө санаа зовохгүйгээр судалгааны ажлаа амжилттай хийхийн төлөө олгож буй тэтгэлэг юм. Та нарынхаа хийж буй эрдэм шинжилгээний судалгааны ажилд үргэлж дэмжлэг үзүүлэх болно. Тэтгэлэг авч чадахгүй байх гэсэн бодлоо хаяаад үнэхээр чиний хүсч буй тэтгэлэг мөн л бол өөрийгөө гололгүй хичээгээд үзээрэй бүгдэд нь үргэлж боломж бий гэдгийг хэлмээр байна. Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа баяр хүргэе."
Тэрээр МУИС-ийг Цөмийн физикч мэргэжлээр төгсөж, Австралийн Засгийн Газрын тэтгэлэгээр Австралийн Флиндерсийн их сургуульд Нанотехнологийн чиглэлээр магистр хамгаалж, Одоогоор бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй эмэгтэйчүүдийн нэг яах аргагүй мөн.
Тэтгэлэг хүртсэн оюутнууд:
- П.Мөнхзаяа (Нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн 4-р түвшин)
- Б.Сайнзаяа (Нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн 4-р түвшин)
- Б.Оюунхорол (Нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн 4-р түвшин)
Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа баяр хүргэхийн зэрэгцээ, цаашдын сурлага, хөдөлмөр, судалгааны ажлын их үйлст амжилт хүсье.
-
STEM Girls хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.2022/09/22