Монгол эрдэмтэн М. Баттулгын бүтээл дэлхийн шилдэг NATURE сэтгүүлд хэвлэгдлээ!
Эрдэмтэд өөрийн шинэ бүтээл, судалгааны үр дүнгээ мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж олны хүртээл болгодог уламжлалтай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэхийн тулд салбар бүрийн шилдэг эрдэмтдээс бүрдсэн редакцийн зөвлөлөөр хянуулж (review), олон олон шалгуурыг давдаг. Тэгвэл эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дундаа ноён оргилд тооцогддог NATURE сэтгүүлд 1-р зохиогчоор МУИС-ийн төгсөгч М. Баттулга өөрийн бүтээлээ хэвлүүлсэн баяртай мэдээг дуулгахад таатай байна.
Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг Физик электроникийн чиглэлээр бакалавр, Наношинжлэх ухаан нано-инженерчлэлийн чиглэлээр магистрын зэрэгтэй төгсөж, Австрийн Johannes Kepler Universität Linz сургуульд докторын зэрэг тус тус хамгаалсан. Одоо тэрээр Данийн Техникийн Их Сургууль (Technical University of Denmark)-д ассистант профессороор ажиллаж байна.
МУИС-ийн Нано шинжлэх ухаан нанотехнологийн төвийн хамт олны зүгээс
халуун баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье!
NATURE сэтгүүлийн тухай:
Тус сэтгүүл нь 1869 онд Английн Лондон хотод үүссэн бөгөөд өдгөө 10 орчим салбар сэтгүүл, АНУ, Европ, Азид салбар оффистой, дэлхийн хамгийн нэр хүндтэй академик сэтгүүлүүдийн нэг юм. Nature сэтгүүлд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг сар бүр 3 сая гаруй хүн уншдаг гэсэн тооцоо бий. Тус сэтгүүл нь эрдэмтдийн илгээсэн судалгааны ажлуудын ердөө 8 хүрэхгүй хувийг сонгон авдаг, асар өндөр шалгууртайгаараа алдартай.
Судалгааны ажлын тухай:
"Өөрөө эрэмбэлэгдэх процесс (self-assembly) нь байгальд элбэг тохиолддог бөгөөд атом, молекулын түвшнээс эхлээд амьд организмын хэмжээнд ч ажиглагдах нь бий. Молекуляр болон биологийн системд өөрөө эрэмбэлэгдэх процесс нь ихэвчлэн гидрофоб ба ван дер Ваалсын харилцан үйлчлэлийн дүнд бий болдог. Энэхүү судалгааны ажлаар усан орчинд цэнэгтэй металл нано-флейкүүдийн хооронд үүсч буй цахилгаан статик түлхэлцлийн хүч, Casimir таталцлын хүчний хамтын үйлчлэлийг ашиглан микрометрийн түвшинд өөрөө эрэмбэлэгдэх бүтэц үүсгэх аргыг танилцуулж байна."
"Энэ систем нь тэнцвэрийн конфигурацийг нь удирдах боломжтой өөрөө эрэмбэлэгдсэн оптик Fabry–Pérot microcavity үүсгэж байна. Энэ mivrocavity-д экситоник материалыг байрлуулснаар бид уусмал дахь лигандын концентраци, гэрлийн даралтыг ашиглан шууд (real-time) удирдах боломжтой гэрэл-маттерын завсрын (hybrid) төлвийг бий болгож чадлаа. Энэ Casimir microcavity нь ирээдүйд опто-механик, нано-машин зэрэг олон чиглэлд ашиглагдах боломжтой."
Судалгааны ажлыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.