0%

Монгол эрдэмтэн Европын Судалгааны Консулаас 1.5 сая еврогийн судалгааны грант хүртжээ

Монгол эрдэмтэн Европын Судалгааны Консулаас 1.5 сая еврогийн судалгааны грант хүртжээ

Данийн технологийн их сургуулийн ассистант профессор Мөнхбатын Баттулга “Tunable Nanoengineered Transition Metal Dichalcogenides (TMDs) for Quantum Photonics” сэдэвт төслөөр Европын Судалгааны Консулаас 1.5 сая еврогийн судалгааны грант хүртжээ.

Та квант компьютерийн талаар хаа нэгтээгээс сонссон нь гарцаагүй. Аюулт өвчний эсрэг үр дүнтэй эмийг богино хугацаанд бүтээх, их өгөгдөл боловсруулах, машин сургалт, криптограф гээд энгийн компьютер дээр гүйцэтгэхэд хүндрэлтэй олон ажлыг квант компьютер ашиглан хийх боломжтой болоод байна. Тэгвэл Монгол эрдэмтэн М.Баттулга “TuneTMD” төслөөр дамжуулан чипний хэмжээтэй, бүрэн цогц квант фотоник хэлхээг бүтээхээр ажиллаж байна.

Энгийн ба квант компьютер:

  • Таны гар утас, суурин компьютер гээд энгийн компьютер нь транзистор ашиглаж 0, 1 гэсэн хоёртын тооллын системээр тооцоолол хийдэг. Харин квант компьютер нь квант физикийн үзэгдлийг ашигласан "qubit" гэсэн нэгжээр тооцоолол хийх ба "qubit" нь 0, 1 гэсэн утгыг нэгэн зэрэг өөртөө агуулж чадна.
  • Энгийн компьютерийн хүчин чадал нь транзисторын тооноос хамааран шугаман байдлаар нэмэгдэнэ. Харин квант компьютерийн хүчин чадал нь экспоненциалаар нэмэгддэг онцлогтой.
Bitcoin's Resilience to Exponential Change - Unchained Capital
Шугаман ба экспоненциал график

Электроны оронд фотон ашигласан квант компьютерийг оптик квант компьютер гэнэ. Оптик квант компьютер нь фотон бүрт тодорхой "qubit" хэмжээний мэдээллийг хадгалдаг. Ийм систем зөв ажиллахын тулд фотон бүр нэг нэгнээсээ ялгарахгүй ижил байх шаардлагатай. Гэтэл бодит байдал дээр фотонууд өөр өөр долгионы урттай ялгаргах нь элбэг бөгөөд фотон бүрийн долгионы уртыг хянах нь квант технологийн тулгамдсан асуудлуудын нэг байдаг. М. Баттулгын төсөл нь энэ асуудлыг шийдээд зогсохгүй фотоны үүсгүүр, тооцоолол, гаралтын хэсгийг нэг чипэнд багтаасан цогц систем бүтээх болно.

Эрдэмтэн М. Баттулга нано-инженерчлэл ашигласан шилжилтийн металлын дихалькогенид (TMD) ашиглан 2 фотоны үүсгүүр бүхий цоо шинэ, иж бүрэн систем бүтээж, квант интерференцийн туршилт хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ ажил нь оптик квант тооцооллын технологийг шинэ шатанд аваачих юм.

ERC (European Research Council) буюу Европын Судалгааны Консул нь ирээдүйтэй эрдэмтдийн санаачилсан шинэлэг, гайхалтай төслийг 5 жилийн хугацаанд 1.5 сая хүртэлх Еврогоор санхүүжүүлж, өөрийн гэсэн судалгааны багийг эхлүүлэх боломжоор хангадаг.

Бусад мэдээ