"Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс МУИС-д 8.8 тэрбум төгрөгийн судалгааны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-ын хооронд 2014 оны 03 сарын 12-ны өдөр байгуулсан "MON-P11" тоот иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу "Инженер, технологийн дээд боловсрол" төслийг Боловсрол, Шинжлэх Ухааны яамнаас хэрэгжүүлж байна.
Уг төслийн гол зорилго нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулахад оршдог.
Төслийн суурь судалгаагаар, Монгол Улсын Их Сургуульд лабораторийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахаар 288 сая иен төсөвлөгдсөн. Тоног төхөөрөмж худалдан авалтын үйл ажиллагааг "MON-P11" хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт заасны дагуу Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-аас гаргасан журмаар зохион байгуулдаг.
Монгол Улсын Их Сургуулийн 10 судалгааны баг болон ахисан түвшний сургалтын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн 2019-2020 онуудад нийт 15 судалгааны лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилготой худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд коронавирусийн цар тахлын таагүй нөхцөл байдлын улмаас хүлээлгэн өгч чадахгүй байсаар өдийг хүрсэн.
09 сарын 10-ны өдөр "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс Монгол Улсын Их Сургуульд 8.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 109 нэр төрлийн 148 ширхэг судалгааны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. "Нано материал ба хэрэглээ" сэдэвт төслийн судалгааны багт Атом хүчний микроскопи, Сүвэрхэг хэмжээг хэмжигч багаж (BET) болон Дулааны графитийн дифференциалыг хэмжигч багаж зэрэг 230,557.75 ам долларын үнэ бүхий судалгааны багаж тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн.
Дээрх тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нийлүүлэгдсэнээр манай лабораторийн сургалт, судалгааны чадавхи сайжирч, багш судлаачид онолын хүрээнд олж авсан мэдлэгээ батаган туршилт, судалгаа хийх боломжтой болохоос гадна, гадаад орнуудад хийгддэг байсан судалгаа, туршилт, хэмжилтийг эх орондоо зардал багатай, богино хугацаанд хийх, цаашлаад өндөр түвшний судалгаа, үйлдвэрлэлийн салбаруудын үйл ажиллагаанд тус нэмэр болох юм.
"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Үйл ажиллагааны зургуудаас: