Залуу эрдэмтдэд: Судалгааны арга зүйг ойлгох нь яагаад чухал вэ? | MOMENTUM
Oюутнуудад, тэр дундаа судалгааны ажил хийж байгаа эсвэл эхлүүлэх шатандаа явж байгаа бакалавр, магистр, докторын оюутнуудад зориулан судалгааны арга зүйн ойлголт, түүний ач холбогдлын талаaр бичлээ.
Судалгааны тѳлѳвлѳгѳѳг хэрхэн зѳв гаргаснаас судалгааны чанар, үр дүн, хугацаандаа амжих зэрэг ихээхэн шалтгаалдаг. Төлөвлөгөөг зѳв гаргахын тулд юун түрүүнд судалгааны арга зүйн талаарх ойлголттой байх шаардлагатай юм.
Учир нь:
Зарим багш, оюутнууд судалгааны арга зүйд ач холбогдол өгдөггүйгээс судалгааны ажлын чанар хангалтгүй болох, судалгааны ажлын хугацаа хойшлогдох эсвэл судалгаа бүрэн бүтэлгүйтэх, онол зүйн хувьд зѳрчилтэй судалгааг эхлүүлсэн байж болох эрсдэл тулгардаг. Энэ нь цаашлаад оюутнуудын судалгааны ажил дундаа шантрах, эрдмийн зэрэг хамгаалах зорилго нь бүтэлгүйтэх үндсэн шалтгаануудын нэг нь болдог.
Би бакалаврын судалгааны ажлаа хийх үедээ судалгааны арга зүйн талаар нарийн ойлголттой байгаагүй. Харин ахисан түвшний сургуульд (магистр, доктор) суралцах хугацаандаа судалгааны ажил хийх нь зүгээр нэг сэдэв сонгоод, тавьсан судалгааны зорилгодоо хүрэх явдал биш болохыг ойлгосноос гадна судалгааны арга зүйн стандарт зарчим, түүний ач холбогдлыг илүү тодорхой мэдэж авсан юм.
Тэгвэл судалгааны арга зүй гэж юу вэ?
Судлаачид судалгааг хэрхэн системтэй хийхэд чиглэсэн онол, журмыг судалгааны арга зүй гэж нэрлэдэг. Ѳѳрѳѳр хэлбэл, судалгааг хэрхэн нягт уялдаатай явагдахыг судалдаг шинжлэх ухаан юм.
Аливаа судалгаа, шинжилгээний ажил үр дүнтэй байхын тулд судалгааны арга зүйн зөв процессыг дагах ёстой.
Судалгааны арга зүйг (research methodology) судалгааны арга/aргачлалтай (research method)-тай андуурч болохгүй!
Судалгааны аргачлал нь судалгааны арга зүйн нэг хэсэг бѳгѳѳд судалгааны үр дүнг олж авах арга, техникийг хэлж байгаа юм. Жишээ нь: Санал асуулгын арга, ажиглалтын арга, ярилцлага хийх, статистик ба статистик бус техникийн аргууд г.м. Харин судалгааны арга зүй нь эдгээр судалгааны аргачлалуудыг хэрхэн, яаж, ашиглахтай холбоотой ерѳнхий системтэй арга зам, зарчим гэж ойлгож болно.
Судалгааны арга зүйн үндсэн ухагдахуунууд
Аль ч салбарын судалгааг хийхэд дараах үндсэн алхмууд, арга зүйн зарчмуудыг баримтлан судалгаа хийдэг. Үүнд:
- Сэдэв сонгох;
- Ѳмнѳх судлагдсан байдал ба онол, суурь ухагдахууныг ойлгох;
- Судалгааны асуудал, асуултыг тодорхойлох;
- Судалгааны ажлын үндэслэл, дэвшилттэй болон шинэлэг тал, нийгэмд оруулах ач холбогдлыг тайлбарлах;
- Cудалгааны зорилт, зорилго дэвшүүлэх;
- Гарах үр дүнд таамаглал дэвшүүлэх;
- Судалгааны арга, техник сонгох;
- Судалгааны хязгаарлалтыг тодотгох;
- Үйл явц, үр дүнг боловсруулах;
- Судалгааны ажлыг дүгнэн нэгтгэх;
- Судалгааны цаашдын боломжийг тодорхойлох;
- Эх сурвалжийн зохистой ашиглалт г.м
Судалгааны ажлын чанар ялангуяа судалгааны дотоод оновчтой байдал, ил тод байдал болон логик уялдаатай байдал зэрэг нь дээрх алхмуудыг хэр зэрэг хатуу чанга баримталж, оновчтой тодорхойлсноос хамаардаг гэж хэлэхэд буруудахгүй.
Судалгааны үр дүн эерэг эсвэл сөрөг гарсан эсэхээс үл шалтгаалан судалгааны ажлын чанарыг шүүдэггүй. Учир нь бүхий л үр дүн шинжлэх ухаанд оруулах хувь нэмэр, ач холбогдолтой байдаг. Гагцхүү тухайн үр дүн зохих судалгааны арга зүйн зарчим, дүн шинжилгээний дагуу хийгдсэн, судалгааны процесс нь хяналттай, нягт нямбай, системтэй, үнэн зѳв, давтагтахуйц, эмпирик, асуудал хѳндсѳн г.м шинж чанаруудыг агуулсан байх ёстой хэмээн үздэг.
Судалгааны арга зүйн зарчмыг судалгаандаа шингээж, үндсэн ухагдахуунуудыг сайтар тодорхойлон системчилж ѳгснѳѳр судалгаа үр дүнтэй болох магадлал ѳсдѳг.
Нэмж хэлэхэд:
Судалгааны ажил нь үр дүнтэй болсон оюутнуудад зарим нийтлэг зүйлүүд ажиглагддаг. Тэдгээр нь дээр дурдсан судалгааны зарчмуудын хүрээнд ажиллахад нь түлхэц болдог. Үүнд:
Судалгаа хийх тѳлѳвлѳгѳѳг гаргахдаа ерѳнхий үе шатууд, хийх нарийн алхмууддаа календардчилсан төлөвлөгөө гаргах (roadmap with timeline)
Тодорхой цагийн хуваарийн дагуу тѳлѳвлѳж, ѳѳрчлѳлт орсон тохиолдолд байнга шинэчилж явах нь судалгааны ажил хэрхэн, хаана явагдаж байгааг ѳѳрѳѳ хянах, хугацаа болон үйл явцад ѳѳрчлѳлт оруулах зэрэг шийдвэр гаргах боломжийг ѳѳрт олгодог.
Тhere just won’t be enough time!
Мѳн ерѳнхий тѳлѳвлѳгѳѳ гаргахдаа ѳгѳгдсѳн хугацаанаас бага хугацаанд тѳлѳвлѳж гаргавал хугацааны хувьд эрсдэлийг багасгаж ѳгдѳг. Жишээлбэл, нийт 3 жил суралцах хугацаа байгаа гэж бодвол: 2 эсвэл 2.5 жилийн хугацаанд төлөвлөлтөө хийх.
Удирдагч багштайгаа тогтмол зѳвлѳлдѳж, тѳлѳвлѳгѳѳ, үйл явцаа танилцуулж явах
Энэ маш чухал. Яагаад гэвэл удирдагч багш судалгааны чиглэлийг хянах, чиглүүлэх гэсэн үндсэн үүрэгтэй. Тиймээс удирдагч багштайгаа тогтмол зѳвлѳлдѳх нь судлах шаардлагагүй эсвэл огт байхгүй зүйлийг судалж цаг үрэх эрсдлийг багасгадаг.
Миний хувьд маш завгүй удирдагч багш нартай байсан учир тэр болгон олж уулзахад амаргүй байдаг байсан. Тийм тохиолдолд удирдагч багшаа холбогдохыг хүлээж суухын оронд ѳѳр бусад арга замаар (имэйлээр ч юмуу) холбогдож, хамгийн гол нь ямар ч тохиолдолд судалгааны ажлын үйл явцыг удирдагч багшдаа мэдээлж байх нь зүйтэй.
Мѳн судалгааны ажлын эхний үедээ удирдагч багштайгаа тухайн судалгааны ажлын төлөвлөгөө, ялангуяа хийж дуусгах хугацааны талаар тодорхой тохиролцсон байх нь их чухал байсан.
Судалгааны ажлын явцаа тогтмол дүгнэн бичиж явах дадалтай болох
Аgain! Тhere just won’t be enough time!
2-3 сарын зайтай тогтмол судалгааны үйл явцаа репорт маягаар бичиж явдаг байсан. Хэдийгээр тѳвѳгтэй сонсогдож байгаа ч хийсэн үйл явцаа тогтмол дүгнэн бичиж явах нь ѳѳрт судалгааны ажлаа байнга бататган ойлгоход тустай. Түүгээр ч зогсохгүй диссертаци бичих үед тэдгээр материалууд нь диссертацийг улам чанартай болгоход нѳлѳѳлж, цаг хугацаа хэмнэдэг. Ѳѳрѳѳр хэлбэл, олон тооны жижиг репортууд нь сүүлд нэг бүрэн диссертаци болдог.
Дүгнэлт:
Энд судалгааны арга зүйтэй холбоотой бүхий л сэдэв, ухагдахуунуудыг хѳндсѳнгүй. Харин оюутнууд судалгааны арга зүйг судалгааны ажил эхлүүлэхээс ѳмнѳ ойлгох нь ѳѳрийн судалгааг илүү тодорхой болгож хаана нь дутуу ойлголттой явж байснаа мэдэх, судалгааг бүтцийн хувьд уялдаа хамааралтай ойлгох, судалгааны ажлаа илүү боловсронгуй болгоход ач холбогдолтой гэсэн санааг хүргэхийг зорьлоо.
Ѳѳрсдийн чадвар, одоо байгаа боломж нѳхцѳлд тааруулан дэлхийн судалгааны жишиг арга зүй, ойлголтуудыг бий болгон хэвших үүднээс судалгааны арга зүйн онол, практикийг оюутан гэлтгүй судалгаа хийж буй хэн бүхэн сайтар ойлгож, анхаарах нь зүйтэй.
Эцэст нь судалгааны ажилд тань амжилт хүсье!