Инженер технологийн дээд боловсрол” (M-JEED) төслийн хүрээнд Япон улсад томлолтоор ажиллав
Инженер технологийн дээд боловсрол” төслийн багийн ахлагч, профессор Ч. Ганзориг, судлаач Ц. Номин нар зэргийн бус хөтөлбөрөөр 14 хоногийн хугацаанд Японы 4 их сургууль, 2 компани дээр ажиллав.
Кьюшү Их Сургууль
Кьюшү Их Сургууль нь 1903 онд байгуулагдсан, Японы тэргүүний их сургуулиудын нэг юм. 2020 оны байдлаар “QS World University Rankings”-ийн 132-т, Азид 18-т эрэмбэлэгдэж байна. Одоогийн байдлаар МУИС-ийн Нано шинжлэх ухаан инженерчлэл хөтөлбөрийн төгсөгч П. Бадамгарав, Хонгорзул нар Кьюшү Их Сургуульд магистр, докторт суралцаж байна.
Кьюшү Их Сургуулийн Органик Фотоник ба Электроникийн Судалгааны төв (Organic Photonics and Electronics Research, OPERA) нь органик транзистор, фотоволтайк, диод зэрэг оптоэлектроникийн төхөөрөмжийн хөгжүүлэлт, шинж чанарын судалгаа гүйцэтгэдэг, 3 давхар 2200 м2 бүрэн тохижуулсан лаборатори, нийт 40 орчим ажилтан, оюутнуудтай судалгааны төв юм. OPERA нь 2022 оны байдлаар 600 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, 300 гаруй патент гаргасан.
Томилолтын үеэр Профессор Chihaya Adachi-ийн судалгааны багтай уулзаж МУИС-ийн ХШУИС-ийн Нано шинжлэх ухаан нанотехнологийн төв болон Кьюшү Их Сургуулийн Органик Фотоник ба Электроникийн Судалгааны төв (Organic Photonics and Electronics Research, OPERA)-ийн хамтын ажиллагааны санамж бичгийг эцэслэн гарын үсэг зурав. Судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, МУИС-иас зэргийн болон зэргийн бус хөтөлбөрөөр оюутан илгээх боломжийн талаар ярилцав.
Ёокохамагийн Үндэсний Их Сургууль
Ёокохамагийн Үндэсний Их Сургууль нь 1876 онд байгуулагдсан, 5 коллеж, 5 ахисан түвшний сургуулиас бүрдсэн бөгөөд нийт 10,000 орчим оюутантай, Японы улсын их сургуулиудын нэг юм. Хамтрагч Kawamura лаборатори нь биомолекулын бүтэц, үүрэг, механизмыг молекулын түвшинд судалдаг. Биомолекул дундаа сигнал дамжуулалт, ион солилцоог зохицуулдаг пептид, мембраны уургуудыг голчлон судалж, молекул динамик загварчлал гүйцэтгэхийн зэрэгцээ “solid-state NMR” зэрэг багаж ашиглан физик-химийн шинжилгээ хийдэг. Хамтрагч Sakomura лаборатори нь органик нимгэн үе, молекуляр төхөөрөмж, нарны зайн бүтэц, хөгжүүлэлтийн чиглэлээр судалгаа хийдэг.
Томилолтын үеэр ИТДБ төслийн хамтрагч байсан эмерит профессор Kazuyoshi Ueda болон одоогийн хамтрагчид болох дэд профессор Izuru Kawamura, Masaru Sakomura нартай уулзаж ИТДБ төслийн явцын талаар ярилцав. ИТДБ төслийн хүрээнд Ёокохамагийн Үндэсний Их Сургуульд докторын зэргээ амжилттай хамгаалаад одоо МУИС-д ажиллаж буй доктор Б. Мижиддоржийн судалгааны бүтээлүүд, оруулсан хувь нэмрийн талаар докторын ажлын удирдагч дэд профессор Izuru Kawamura илтгэл танилцуулав. Ёокохамагийн Үндэсний Их Сургуулийн захирал Izuru Umehara, дэд захирал Hiromi Kabashima, Гадаад харилцааны менежер Takayuki Kuribayashi нартай албан уулзалт хийж, Ёокохамагийн Үндэсний Их Сургууль ба МУИС-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв.
Судлаач Ц. Номин Ёокохамагийн Үндэсний Их Сургуулийн дэд профессор Satoshi Inagaki-гийн лабораторид “Quantachrome Autosorb iQ” багажийн ажиллагаа, хэмжилт, үр дүн боловсруулалтын талаар 1 өдрийн дадлага хийв.
Токиогийн Технологийн Их Сургууль
Токиогийн технологийн их сургууль нь 1881 онд байгуулагдсан, Японы шинжлэх ухаан, технологийн хамгийн том их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 6 салбар сургууль, 40 орчим тэнхим, судалгааны хүрээлэнгүүдээс бүтсэн, бүх түвшний нийт 10,000 орчим суралцагчтай. Токиогийн технологийн их сургууль нь “QS World University Rankings”-ийн 55-т, Азид 21-т эрэмбэлэгдэж байна.
Томилолтын үеэр Профессор Tomohiro Hayashi, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Nobuhiro Hayashi нартай уулзаж, зэргийн хөтөлбөр болон богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.
Токиогийн Их Сургууль
Токиогийн их сургууль нь 1877 онд байгуулагдсан, Японы тэргүүний их сургууль юм. Тус сургууль нь 10 факультет, 15 ахисан түвшний сургуулиас бүтсэн, нийт 30’000 гаруй оюутантай. Токиогийн их сургууль нь “QS World University Rankings”-ийн 23-т, Азид 11-т эрэмбэлэгдэж байна.
Ригакү Корпораци
Ogawa Seiki Co. Ltd-ийн хамт олонтой уулзаж ИТДБ төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй багажийн суурилуулалт, сургалтын талаар мэдээлэл солилцов. Мөн Rigaku Corp. дээр нэг хоногийн сургалтад хамрагдаж TGA багажийн ажиллагаа, үр дүн боловсруулалтын талаар мэдээлэл авав.