0%

2021 оны төгсөгчдөд хүргэх үгс

2021 оны төгсөгчдөд хүргэх үгс

2021 оны төгсөгчдөд хандан Нано шинжлэх ухаан нанотехнологийн төвийн захирлын зүгээс мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу.

МУИС-ийн Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр 2021 оны дөрөв дэх үеийн төгсөгч болж байгаа 17 төгсөгч оюутнуудаа хараад бид сэтгэл маш их хөдөлж урам зориг, эрч хүчийг мэдэрч байна. Оюутнууддаа их сургуулиа амжилттай төгсөж, улс эх орныг бүтээн босгох, инженерчлэлийн мэргэжил эзэмшин өнөөдөр амьдрал, ажлын талбарт гарч байгаад нь баяр хүргэе! Оюутнуудынхаа ээж аав, нийт багш ажилтан нар, төгсөгчид, хүндэт зочид та бүхэндээ МУИС-ийн Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр дөрөв дэх үеийн төгсөгчдийн эрдмийн баярын халуун мэндийг дэвшүүлье!

Бид эхний хэдэн жилдээ инженер, технологийн дээд боловсролын чиглэл барин амжилттай ажиллалаа. Математик суурьтай физик, хими, биологи гурав дээр бүх инженерчлэлийн ухаанууд суурилан тогтдог. Байгалийн ухаан, нано-инженерчлэлийн сууриа сайтар тавьсан тул 21-р зууны дэвшилтэт инженерчлэл, өндөр технологи, хиймэл оюун ухааныг хүчтэй хөгжүүлж чадна гэдэгтээ огт эргэлзэхгүй байна.

МУИС нь судалгааны их сургууль болохоор зорьж байна. Судалгааны их сургуулийн үндсэн зарчим нь юуны түрүүнд төр, бизнесийн байгууллагын захиалгат судалгаа, технологийн шийдэл, загвар дизайн гаргахад оршино. Түүнчлэн төгсөлтийн судалгааны ажлын үр дүн нь шинэ бүтээл, патент авах, мэдлэгт суурилсан хөрөнгө оруулалт хийх, гарааны старт-ап компаниудыг байгуулан хөгжүүлснээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож, өндөр түвшинд гаргахад чиглэгддэг. Судалгааны их сургууль болон хөгжих үндэс суурийг дөрөв дэх үеийн төгсөгч та бүхэн хамтран бүтээлцсэн билээ. Та нараараа үргэлж бахархах болно.

Энэ их сургуулийн гол хөдөлгөгч хүч нь суралцаж буй оюутнууд та бүхэн, мэдлэгийн эрдэнэс болсон төгсөгчид байдаг. Их сургууль бол хүнийг гэгээрүүлдэг, бас бодож сургадаг. Эндээс хүн бүр мэдлэг туршлага, боловсролд нуугдсан шижир алтыг олж авдаг. Дөрөв дэх үеийн төгсөгчид та бүгд маань МУИС-ийг бүтээлцэж өгсөн хүмүүс, энэ хэцүү үед хамгийн их ачааны хүндийг үүрсэн, хамгийн их тэвчээртэй байсан, хамгийн их сэтгэлийн хаттай байсан, хамгийн их хичээсэн. Багш бид нар нь та нараараа маш их бахархаж байна.

Та бүхэн өнөөдөр дээд боловсролын, их сургуулийн баталгаажсан үнэн мэдлэг болон, мэргэжлийн хамгийн анхны эрдмийн зэрэг цолыг авч байна. Энэ бол бакалавр. Цаашид та бүхэн магистрант, докторант оюутнаар суралцахад нээлттэй, мөн гадаад дотоодын нэртэй компаниуд, их сургуулиуд та бүгдийг хүлээж байна. Гадаадад инженерээр ажиллах, магистрант суралцах залуус маань тун удахгүй явахаар бэлтгэлдээ ороод байна.

Сургууль нь төгсөгчдөөрөө үргэлж бахархаж байдаг. Энэ бидний гол үр дүн. Монгол улсад маань нэн тэргүүний шаардлагатай нано-инженерчлэл, нанотехнологийн мэргэжлийн чиглэлээр 2018 онд бакалаврын анхны 13, 2019 онд хоёр дахь үеийн 14, 2020 онд гурав дахь үеийн 18 бакалаврын оюутан амжилттай төгссөн. Бакалаврын төгсөгчдөөс гадаад дотоодын их сургуулиудад магистр докторын сургалтад суралцахаас гадна төгсөгчид маань дотоодын компани, байгууллага, аж үйлдвэрт инженер, ажилтнаар амжилттай ажиллаж байна.

4 жилийн хугацаанд МУИС нь та бүхэнд цаашид суралцах, ажиллах хангалттай эрдэм мэдлэг, ухаан, мэргэжлийн суурийг өвлүүлсэн гэдэгтээ итгэлтэй байна. Үүнийг цаашид улам хөгжүүлж, хайрлаж, дэлгэрүүлж, мэдлэг болон баялгийг өөртөө болон нийгэмдээ бүтээж чадна гэдэгт 4 дэх үеийн төгсөгч нартаа бүрэн дүүрэн итгэлтэй байна.

Эрхэм төгсөгчид минь ээ!

Мэргэжил бол та бүхний эзэмшсэн аливааг хэрхэн, яаж хийхийг мэдсэн мэдлэг, бас туршсан туршлага. Чадваргүй мэдлэг, даль жигүүргүй жигүүртэнтэй адил. Чадваргүй мэдлэг, мөн чанаргүй хэлбэртэй адил.

  • Тиймээс хийж бүтээхийн төлөө эзэмшсэн мэргэжлээс дутахгүй нийгмийн эд эс болох “хувь хүн” болж төлөвших эрдмүүд, чадварууд та бүхний үнэт зүйлс байгаасай!
  • Сайныг сайн, гэж сайшааж, мууг буруу гэж буруутгаж, чадах моралын зоригтой байгаасай!
  • Үнэн худлыг дэнслэх, зөвийг буруугаас ялгах танин, мэдэхүйн чадвартай байгаасай!
  • Тулгарсан асуудлыг ухамсар, үр дүнд суурилан шийдэж чадах, асуудал шийдвэрлэх чадвартай байгаасай!
  • Бусдын болон өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж, удирдаж чадах оюуны дархлаа өндөр байгаасай!
  • Сайжруулах, хөгжүүлэх, өөрчлөх, эрэл хайгуулч, бүтээлч инженерүүд байгаасай!
  • Бусдыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, чадах харилцан тохиролцогч байгаасай!
  • Шинэ мэдлэг, шинэ итгэл үнэмшил, шинэ хорвоог, харах өнцөгт, үргэлж бэлэн, уян хатан байгаасай!
  • Нийгэмд аз жаргалтай, итгэлтэй, мөрөөдөлтэй, хариуцлагатай амьдраарай!

Та бүхэн ч мөн сургуультайгаа, бидэнтэй байнга холбоотой байж дараа дараагийн үеийнхээ дүү нарт зөвлөгөө өгч, зааж сургаж хамтдаа сурч, суралцаж явна гэдэгт итгэлтэй байна.

Тиймээс өнөөдрөөс эхлээд МУИС-ийн Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр Төгсөгчдийн холбоо байгуулагдаж байгааг албан ёсоор зарлаж байна.

Ингээд:

Оюутнууддаа эрдэм мэдлэгээ харамгүй хайрласан хүндэт багш нар;

Хайр халамж, дэмжлэгээр дүүрэн өсгөсөн эцэг эх, гэр бүлийнхэн;

Сургуулийн бүх ажилтан, менежерүүд;

Сурах орчин нөхцөл, бүх талаар дэмжиж тусалж ирсэн МУИС;

Сургалт судалгаа, хамтын ажиллагаа, оюутан солилцоо, инновац, технологи дамжуулах, оюутны клуб болон бусад бүхий талаар хамтран ажилласан компани, аж үйлдвэр, байгууллага хамт олон, хувь хүмүүс;

Та бүхэндээ нийт “НАНО” төгсөгчдийнхөө өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье!

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДӨДӨӨ

ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Бусад мэдээ