"Нанотехнологи-2021" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхим, Нано шинжлэх ухаан нанотехнологийн төв “Нанотехнологи - 2021” арга хэмжээ 10-р сарын 9-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоотод танхим болон цахим хэлбэр хосолсон "hybrid" байдлаар амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөг нь үндсэн 3 хэсгээс бүрдсэн.
Үүнд:
1. Эрдэм шинжилгээний хурал
2. Нано өдөрлөг
3. Оюутны форум багтсан.
Энэ хурлын үеэр Монгол Улсын Их Сургуулийг төгсөж, гадаадын тэргүүлэх их дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалсан, өдгөө олон улсын тавцанд ажиллаж буй шилдэг эрдэмтдийг алдаршуулах, Монгол дахь Нано шинжлэх ухаан нанотехнологийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийг хэлэлцэхээр МУИС-ийн захирал Б.Очирхуяг болон Боловсрол Шинжлэх Ухааны Яамны ШУ, Технологийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, хамтран ажиллагч ААН-үүдийн төлөөлөл зэрэг олон хүндтэй зочид хүрэлцэн ирсэн юм.
Үйл ажиллагааны эхний хэсэг болох эрдэм шинжилгээний хуралд Данийн Технологийн их сургуулийн ассистант профессор М. Баттулга, Японы Кьюшүгийн их сургуулийн судлаач Т. Ганбаатар, Австралийн Гриффитийн их сургуулийн багш Б. Мөнхбаяр, Монгол улсын их сургуулийн багш Б. Мижиддорж нар өөрсдийн эрдмийн ажлыг танилцууллаа.
Мөн Нано өдөрлөгийн Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн харьяанд шинээр байгуулагдсан Нано шинжлэх ухаан нанотехнологийн төвийн судлаачид нано шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөр болон уг төвийн үүссэн түүх, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, бүтээл, төгсөгчид ба оюутнуудын санаачилж буй гарааны компаний төслүүдийн талаар танилцуулсан юм.
Өдөрлөгийн үеэр Нано шинжлэх ухаан нанотехнологийн төвийн захирал Ч. Ганзориг, доктор Г.Содномдорж нарын хамтран орчуулсан “MIT ба энтрепренер их сургуулийн үүсэл хөгжил” номын шинэчилсэн хэвлэлийг танилцуулсан бөгөөд судалгааны их сургуулийг байгуулах, энтрепренер соёлыг түгээн дэлгэрүүлэх асуудал олны анхаарлыг татаж буй энэ үед дээрх ном нь цаг үеэ олсон бүтээл болсныг оролцогчид онцлон дурдаж байв.
Тус үйл ажиллагаа нь Нано шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрийн оюутнууд, төгсөгчдийн бага хурал буюу “Оюутны форум”-аар үргэлжилсэн бөгөөд оюутнууд өөрийн эрдэм шинжилгээний ажлыг танилцуулахаас гадна гадны сургуулиудад тэтгэлэг авч, амжилттай үргэлжлүүлэн сурч байгаа туршлагаасаа оюутнуудад хуваалцлаа.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсын Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль, Хими, биологи инженерчлэлийн тэнхимийн хамт олон болон Нано интернэйшнл ХХК, iRoad авто замын сургалт, судалгааны институт, Новелти ХХК, Номэра институт, ITTO ХХК, Арга хэмжээг дэмжин оролцсон зочид, төлөөлөгчид, Зохион байгуулалтад сайн дурын ажилтнаар ажилласан Nanores оюутны клубын гишүүддээ чин сэтгэлээсээ баярлаж, талархаснаа илэрхийлж байна.
Үйл ажиллагааны зургийн цомогтой танилцахыг хүсвэл та энд дарна уу.
Үйл ажиллагааны тойм бичлэгтэй үзэж танилцана уу.
-
"НАНОТЕХНОЛОГИ - 2021" өдөрлөгт урьж байна!2021/10/02