0%

MOMENTUM | Доктор Г. Нарангэрэл - Нанотехнологи, Тэнгэр ТВ-ийн Шинжлэх ухааны багийн продюсер

MOMENTUM | Доктор Г. Нарангэрэл - Нанотехнологи, Тэнгэр ТВ-ийн Шинжлэх ухааны багийн продюсер

“Шинжлэх ухаанаар сурсан гэхээр ихэнх хүмүүс шинжлэх ухаанд их дурласан эсвэл байгалийн ухааны хичээлдээ цойлсон сайн байсан байх гэж боддог. Миний хувьд гурваас дөрвийн хооронд сурдаг, гэхдээ даалгавраа бол заавал хийдэг хүүхэд байлаа.”

МУИС-ийн нано шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрийн төгсөгч, доктор Г. Нарангэрэлийн ярилцлагаас.


1. Өөрийгөө танилцуулна уу.

Сайн байна уу?

Намайг Нарангэрэл гэдэг. Нами гэж бас дууддаг. Одоогоор Тэнгэр ТВ-д “Шинжлэх ухааны багийн продюсер”-оор ажиллаж байна.

МУИС-д Нано шинжлэх ухаан инженерчлэлийн чиглэлээр бакалаврт суралцаад, Японы Токиогийн Технологийн Институт буюу TokyoTech-д магистр, докторын зэргээ хамгаалсан. Докторын зэрэгт суралцах хугацаандаа “Олон улсын хөгжлийн инженерчлэл”-ээр давхар мэргэжил эзэмшсэн. Саяхан Бельги улсад Постдок буюу докторын дараах судалгааны ажлаа “нано-машин” гэсэн сэдвээр хийгээд, эргээд эх орондоо ирээд ажиллаж байна.


2. Эрдмийн зэрэг (доктор г.м) хамгаалсны дараа танд төрсөн мэдрэмжээсээ хуваалцана уу?

Докторын зэргээ би одоогоос 5 жилийн өмнө гэхээр 2017 онд авч байсан юм байна. Тухайн үед шууд магистраа 1 жил хагаст төгсөөд , үргэлжлүүлж докторт суралцсан юм. Явсан хөтөлбөр маань хэрэв хангалттай судалгааны үр дүнтэй бол хугацаагаа богиносгож болдог байсан юм л даа. Аль болох суралцах хугацаагаа шахаад хурдан төгсье гэж эрмэлзэж байсан санагдана. Тэгээд доктороо бас 2 жил хагаст төгсөхөөр төлөвлөж байсан ч давхар мэргэжлээр сурахаар шийдсэн учраас 3 жилээрээ төгссөн. Докторын сургалтанд хичээл тэр болгон үздэггүй, голчлон судалгаан дээрээ анхаардаг. Харин миний хувьд давхар мэргэжлээр сурч байсан учир өөр лаб-д давхар семинар, судалгаанд хамрагдаж, кредит авах шаардлагатай байсан учраас цөөнгүй хичээл судалсан. Докторт суралцах үе миний амьдралын хамгийн завгүй үе байсан гэж хэлж болно.

Доктороо төгсөх үед эрх чөлөөг утгаар нь мэдэрсэн дээ. Нэг том юм аваад хаясан мэт мэдрэмж төрч байсан. Одоо үүнээс цааш сурахгүй юм шүү л гэж бодсон. Бас нэг хэсэгтээ л одоо юу хийнэ ээ гэсэн хоосон мэдрэмж төрч байсан юм байна. Хамаг цагаа дипломын ажилдаа зарцуулж байсан болохоор дараа нь яах ийхээ бодоогүй байсан.


3. Шантармаар санагдах үедээ яаж урам зоригоо сэргээдэг вэ?

Би ер нь ихэнх хүмүүс шиг ямар нэгэн юмнаас байнга урам зориг аваад яваад байх нь ховор. Зүгээр л шийдсэн бол хийх ёстой гээд бодчихдог. Шантрах дээрээ тулбал шантраад өөр зүйл хийсэн нь дээр гэж боддог. Тэгэхээр шантраад байсан үе ховор юм байна.

Нэг үе байсан нь Японд магистраа төгсчихөөд докторт үргэлжлүүлэхгүй буцъя гэж шийдсэн байсан. Дөнгөж Японд очоод соёлын ялгаа, хүмүүс гээд учраа олоогүй байснаас болсон байх. Гэрийнхэн, багш нартайгаа ярилцаж байгаад яавал сэтгэл хангалуун байж чадах вэ гэдгээ бодоод, давхар мэргэжлээр сурах шийдэл гарч ирж байсан нь тэр. Mөн докторын судалгаа маань тэр жил манай сургууль дээр шинээр нээгдэж байсан “Earth-Life Science Institute” дээрх төсөлтэй холбогдсон болсон болохоор шинэ орчин гээд их таалагдаж байсан

Ажил мэргэжлийн хувьд завсарлага авах их чухал санагддаг. Өөр зүйл хийж байгаад буцаад мэргэжлийн ажлаа хийх үед илүү сэргэг болсон юм шиг санагддаг. Энэ нь бид нар шиг нарийн мэргэжлийн судалгаа хийдэг хүмүүст шантрах гэхээсээ илүү уйдах талруугаа байдаг байх.


4. Энэ мэргэжлээ сонгоогүй бол ямар мэргэжил сонгох байсан бэ? Яагаад?

Би технологи, инженерийн мэргэжилтэй болно гэсэн бодолтой явсаар шинжлэх ухаанд дурлаад, хичээлдээ цойлоод сайн байсан болохоор ч юм уу энэ мэргэжлээ сонгоогүй.

Харин бага байхдаа телевизээр "Доктор", "Профессор" гэсэн нэртэй хүн хараад их л мундаг хүн шиг санагдаад доктор, профессор болно гэж их ярьдаг байсан гэсэн. Тэрийгээ эрдмийн зэрэг ч гэж мэдэхгүй, эмч, багш гэдэг шиг мэргэжил гэж боддог байсан байгаа юм. Уянгалаад яривал би багаасаа тэгж бодсоор докторын зэрэг авсан гээд ярих л юм. Гэвч тэгээгүй. Багадаа тэгж ярьдаг байснаа доктор төгсөх үедээ л ээжээсээ сонсоод мэдсэн. Тэгэхээр тохиолдлоор багын ярьдаг зүйлдээ хүрсэн байх.

МУИС-д орох зам маань ЭМШУИС-н лицейгээс улбаатай. Ээж маань эмч болгоно гэж анх оруулж байсан юм. Тухайн үед юу болмоор байгаагаа сайн мэддэггүй байсан ч юу болмооргүй байгаагаа сайн мэдэж авсан. Тэр нь эмч. Эмч болох хангалттай зориг байгаагүй байсан. Тэгэхээр энэ мэргэжлээ сонгоогүй байсан бол шүдний эмч ч юм уу болох байсан болов уу. (Арай айдас нь бага.)

Анагаахаас хичээл ордог багш дээр ээж дагуулж очиж зөвлөгөө авч байсан юм. Багш хэлэхдээ эмчээс гадна эмч, эмнэлгийн ажилчдын ашигладаг багаж, тоног төхөөрөмжийг хөгжүүлдэг, хийдэг технологийн хүн байдаг гэсэн нь сонирхол татаж байсан. Ялангуяа технологи гэдэг үг. Хийж байсан судалгаанууд маань бүгд л нарийн технологи дээр суурилсан эм, анагаах ухааны хэрэглээнд ач холбогдол нь оршсон байдаг.


5. Хамгийн сонирхолтой санагддаг ШУ судалгаа/нээлт/туршилт юу вэ? (товчоор)

Өөрийнхөө саяхан хийсэн постдок-ын судалгаатай холбоотой нээлт хэлье л дээ.

Нано-ботууд эсвэл нано-роботууд гэж сонсож байсан байх. Таны судсаар жижигхэн роботууд урсан орж, эмийг зөв газар нь дамжуулж, хорт хавдрын эсийг устгах боломжтой гэх мэт.

Энэ нь одоогоор мэдээж шинжлэх ухааны зөгнөл хэвээрээ байгаа. Гэхдээ энэ салбарт сүүлийн жилүүдэд ахиц дэвшил ихээр гарсан байна. Хиймлээр маш олон төрлийн нано-машинууд гаргаж байна. Машин гэхээр ойлгомжтой, ямар нэгэн энергиэр хөдөлдөг болох нь. Зарим нь бүр "prototype" болгоод амьтад дээр туршиж эхлээд явж байна.  

Миний ажиллаж байсан нано-машинууд нь дэлхийн хамгийн жижиг машинуудыг гаргаж авсан гэдгээрээ 2016 онд Нобелийн шагнал хүртсэн Профессорын судалгааны групп байсан. (Сэр Фрейзер Стоддарт). Бидний хувьд тэдний гаргаж авсан машинуудын хөдөлгөөнийг нэг молекулын төвшинд судалж өгөх замаар хамтарч ажилладаг байсан юм. Тэгэхээр зөгнөл бодит болоход ихээр ойртсон байна.


6. Ойрын 10 жилд ШУ-ны салбаруудаас хамгийн дэвшилтэй байх нь аль нь гэж таамаглаж байна вэ? Мэргэжлээ сонгож буй хүүхдүүдэд аль салбарыг санал болгох вэ?

Яг ийм тийм салбар гэж хэлэхэд сайн мэдэхгүй байна. Дэлхийн төвшинд гэвэл технологитой холбоотой салбар болгон л дэвшилттэй байх нь тодорхой. Монгол улсад гэвэл уул уурхай, геологийн салбарт ач холбогдолтой судалгаа хийж буй салбарууд гэж бодоод байдаг.

Өөрийн сурсан салбараа рекламдвал нано шинжлэх ухаан, нано технологи бол физик, хими, биологи, инженер, эм зүй, анагаах гээд олон салбар шинжлэх ухаануудыг агуулсан салбар дундын шинжлэх ухаан. Тиймдээ ч ямар нэгэн чиглэлд тас баригддаггүй, уян хатан гэх юм уу. Мөн 90-ээд оноос л энэ чиглэлийн судалгаанууд санхүүжиж, технологиуд нь гарч ирсэн болохоор түүхэн хэмжээний ажил тийм ч их хийгдээгүй, шинээр сурах чиглэл, сэдэв маш олон.

Нанотехнологи нь өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэхэд томоохон дэвшил авчирна гэсэн өөдрөг үзэл улам бүр нэмэгдсээр байна. Ер нь тэгээд зүгээр л сонирхож буй зүйлээ сонгоод, сониуч зангаа дагах нь зөв болов уу.


7. ШУ-ны мэргэжил сонгосондоо харамсаж байсан үе байдаг уу? Байсан бол яагаад мэргэжлээ орхиогүй вэ?

Байгаагүй юм байна. Шинжлэх ухаанаар сурсан гэхээр ихэнх хүмүүс шинжлэх ухаанд их дурласан эсвэл байгалийн ухааны хичээлдээ цойлсон сайн байсан байх гэж боддог. Миний хувьд жоохон өөр. Дундаж (3-4) л сурдаг байлаа, гэхдээ даалгавраа бол заавал хийдэг хүүхэд байсан. Анхнаасаа дурлаж хүсч мэргэжлээ сонгоогүй болохоор харамсах мэдрэмж байдаггүй. Их хүсэж зорьсон юм санаанд хүрэхгүй эсвэл талаар болоход харамсдаг шүү дээ. Миний хувьд дуртай, надад тохирох юм байна гэдгээ явцын дунд л мэдэж авсан.

Өдий хүртэл бас явсанд нөлөөлсөн гол зүйл бол тэтгэлгийн боломжууд. Хэчнээн хүсэл байгаад санхүүгийн хувьд дутмаг бол хэцүү.


8. Монголын ШУ-ны ирээдүйг яаж харж байна вэ?

Би бол эерэгээр хардаг. Хүмүүсийн шинжлэх ухааныг үнэлэх үнэ цэнэ бага багаар дээшилж байна.

Эрдэмтэд, судлаачид ѳѳрсдийн хүрээлэл тойргоос гарч, мэргэжлийн үг хэллэг бус энгийнээр нийгэмтэй харилцах чадвартай байх шаардлага гарч байна. Суурь судалгааны дийлэнх хувийг өндөр хөгжилтэй орнуудад хийдэг ч улс хоорондын мэдлэг дамжуулах нь ялангуяа хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засагтай орнуудад инновацийн чухал хөдөлгөгч хүч болдог.


9. Нэг хүнийг багшаараа сонгох байсан бол хэнийг сонгох байсан бэ? (Түүхэн хүн г.м байж болно)

Бодож байгаагүй юм байна. Бакалавр, магистр, доктор, постдок гээд бүх л багш нар маань мундаг хүмүүс байсан. Миний хувьд бүгд л ямар нэгэн талаараа үлгэр дуурайлал үлдээж чадсан. Жинхэнэ багш ховор төрдөг гэж сонсож байсан юм байна. Миний хувьд цөөн хэдэн сэтгэлд үлдсэн багш нар бий. Анх Америк улсад хэлний сургалтаар явах үед нэг англи хэлний багш маань их сэтгэгдэл үлдээж байсан санагддаг. Их нөхөрсөг, хөгжилтэй, урам өгдөг гоё багш байсан. Одоо хүртэл фэйсбүүк дээр холбоотой байдаг.

Ярилцсанд баярлалаа. Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье!
Нано төвийн хамт олон

 

Бусад мэдээ