Шинжлэх ухааны харилцааны талаар товч | MOMENTUM
“Шинжлэх ухаан” гэх нэр томьёон дор хийгдсэн, бүтээгдсэн зүйлс аль болох богино хугацаанд олон нийтэд нээлттэй хүрч байх нь шинжлэх ухаан оршин тогтнох үндэс юм. Олон нийтийн шинжлэх ухааны талаарх ойлголт хэр байна түүнийгээ дагаад улс орны шинжлэх ухаанд зарцуулж буй санхүүжилтийн хэмжээ ч яригддаг. Тиймээс ч эрдэмтэд, судлаачид, энэ салбарт ажиллаж, сурч буй хэн бүхэнд зориулан шинжлэх ухааны харилцааны талаар өөрийн ойлголтоо товчхон бичлээ.
Шинжлэх ухааны харилцаа нь шинжлэх ухаан, технологи хѳгжихөд тавигддаг үндсэн, чухал суурь асуудлуудын нэг юм.
Шинжлэх ухааны харилцаа (Science Communication) гэж юу вэ?
Ихэнх хүмүүс (ялангуяа хүүхдүүд) “шинжлэх ухаан” гэдэг үгийг сонсоод маш төвөгтэй, уйтгартай хэлбэрээр хүлээж авдаг. Энд л шинжлэх ухааны харилцаа яригдана.
Шинжлэх ухааны харилцаа (Science Communication) гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үйл ажиллагаа, яриа хэлцлийн аргуудыг ашиглан хүнд мэдлэг, таашаал, сонирхол, үзэл бодол, ойлголтыг өгөхийг хэлнэ. (Burns et al. 2003) Энгийнээр бол та хийж буй ажлаа хэрхэн найз нөхөд, ойр тойрныхондоо энгийнээр, сонирхолтой ярьж чадаж байна вэ л гэдэг юм.
Шинжлэх ухааны харилцаа бол “шинжлэх ухаан” -ийг олон нийтэд энгийнээр хүргэх арга зам юм.
Эрдэмтэд, судлаачдын хувьд ажлын эцсийн бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны ѳгүүлэл байдаг. Түүнийгээ голчлон мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх, хурал зөвлөгөөнд тайлагнах замаар олон нийтэд хүргэх боловч эдгээр нь салбартаа үр дүнтэй ч энгийн хүмүүст тэр болгон хүрдэггүй дутагдалтай байдаг.
Эрдэмтэд, судлаачид ѳѳрсдийн хүрээлэл тойргоос гарч, мэргэжлийн үг хэллэгээр бус энгийнээр нийгэмтэй харилцах чадвартай байх шаардлагатай болсоор байна.
Яагаад энэ сэдэв бидэнд чухал вэ?
Манай улсын хувьд ДНБ-ий 1 хүрэхгүй хувийг судалгаа, хөгжүүлэлтийн зардалд зарцуулж, шинжлэх ухааны доогуур чадавхтай орнуудын нэгт тооцогдсоор байна.[1] Энэ нь нэг талаараа шинжлэх ухааны байгууллага, салбарт ажилладаг хүмүүс олон нийттэй үр дүнтэй харилцах тал дээр дутагдалтай байгаагийн нэг илрэл билээ. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны олон нийттэй харилцах харилцаанд онцгой ач холбогдол ѳгч олон талаар сайжруулах, илүү хүртээмжтэй эх үүсвэр рүү чиглэх хэрэгтэй гэсэн үг юм. Учир нь нийгмийн дундаж иргэнд хэр үр дүнтэй хүрч чадна цаашлаад улс төрч, бодлого боловсруулагчдад нөлөөлж чадах юм.
Шинжлэх ухаан, олон нийтийн хооронд зѳв, тодорхой, нээлттэй харилцаа бий болсноор засгийн газраас ѳгѳх санхүүжилт ѳсч шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой дэмжлэг болж чаддаг.
Үр дүнтэй шинжлэх ухааны харилцаа
Шинжлэх ухааны харилцааг үр дүнтэй болгодог үндсэн 3 зарчим:
- Товч, тодорхой, энгийн байх
Хэт нарийн техникийн хувьд бүрэн зөв байх шаардлагагүйгээр хамгийн гол нь үндсэн санаагаа тодорхой хэмжээнд өгөх нь шинжлэх ухааны харилцааг илүү үр дүнтэй болгодог байна. Түүнчлэн шинжлэх ухааны нэр томъёо, товчлолыг аль болох ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.
- Сонирхолтой байх
Нарийн төвөгтэй шинжлэх ухааны ойлголтуудыг дамжуулахад олон сонирхолтой, шинэлэг аргуудыг ашиглах нь зөвхөн уламжлалт арга хэрэгслийг ашиглахаас илүү үр дүнтэй байдаг байна.
Зураг 1. Лондонгийн шинжлэх ухааны музейн тайлбарлагч “Flash, Bang, Wallop” шоуны үеээр
Лондонгийн шинжлэх ухааны музейн “Flash, Bang, Wallop” show-ний үеэр тайлбарлагч гал хэрхэн асдаг, гал болон дэлбэрэх үзэгдлийг үзэгчдэд сонирхолтой байдлаар тайлбарлаж байгааг дээрхи зураг дээрээс харж байна. Үзүүлбэр эхлэхээс өмнө гал болон дэлбэрэлтийн тухай асуултуудыг асууж, туршилтын үеэр үзэгчдээс сайн дураар оролцохыг урьж интерактив байдлаар харилцаж байгаа нь хүмүүст илүү үр дүнтэй нөлөөлж байв.
- Хөгжилтэй байх
Инээх бол ямар нэгэн харилцаа үр дүнтэй байгаан шинж тэмдэг. Хошигнол буюу хюмор ашиглах нь үзэгчдийг илүү татах, эрдэмтдийн болон шинжлэх ухааны талаарх ойлголтыг өөрчлөх, эерэг харилцааг бий болгоход тусалдаг байна. Тийм ч учраас шинжлэх ухааны мэдлэгийг хөгжилтэй байдлаар хүргэх нь илүү хүртээмжтэй байдаг байна. Бидний мэдэх “Big Bang Theory” гэх инээдмийн төрлийн цувралыг жишээгээр авч болох юм.
Зураг 2. Лондонгийн шинжлэх ухааны музей, “Punk Science” шоу
Онолын шинжлэх ухааныг комеди ашиглан хүмүүст хэрхэн хөгжилтэй байдлаар тайлбарлаж буйг дээрх “Панк Шинжлэх ухаан” шоуны жишээгээр татав.
Шинжлэх ухааны харилцааг сайжруулахад үүрэг оролцоотой гол байгууллагууд
Мэдээллийн болон дижитал технологуудийг ашиглан олон нийттэй хэрхэн үр дүнтэй шинжлэх ухааны харилцааг бий болгох боломжтойг хѳгжингүй орнуудын соёлын болон сургалт, судалгааны байгууллагуудаас бодитоор харж болно.
Бидний хувьд шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгүүд олон нийттэй харилцах тал дээр ихэвчлэн үзэсгэлэн зохион байгуулах, сургалт, хурал, шагнал гардуулах, подкаст зэрэг аргуудыг ашиглаж байгаа ч эдгээр нь хэр үр дүнтэй байна вэ гэдэг дээр асуудал яригдана.
Түүнчлэн их сургуулиудын хувьд оюутнуудад дадлага, гадагшаа хүмүүст хүрэх зорилготой “outreach” хөтөлбөрийн хэлбэрүүдийг ашиглан шинжлэх ухааны харилцааны ур чадварыг сургалтын нэг хэсэг болгож өгөх нь чухал.
Ѳнѳө үед хоорондоо харилцаж чаддаг эрдэмтдээс илүү энгийн хүмүүст жинхэнэ утгаараа хүрч чаддаг сайн холбогч эрдэмтэд, судлаачид хэрэгтэй байна.
Музей болон соёлын байгууллагa нь бага насны хүүхдүүдэд шинжлэх ухаан, технологийн карьерын урам зориг өгөх гол эх үүсвэр болдог. Шинжлэх ухааны ойлголтыг хичээл дээр цээжлээд эсвэл мэдээд өнгөрөх нь бага насны хүүхдүүдэд тэр болгон үр дүн байх нь бага байдаг. Харин бодит байдал дээр асуудал, юмс үзэгдлийг энгийн болон сонирхолтой байдлаар тайлбарлах нь тэдэнд илүү оновчтой.
Яг үүнтэй адилаар зѳвхѳн бага насны гэлтгүй бүх л нийгмийн давхаргын хүмүүст шинжлэх ухааныг энгийн, сонирхолтой байх гэсэн зарчмын хүрээнд хүргэх хэрэгтэй.
Эцэст нь залуу эрдэмтэд нийгэм, ёс зүйн хувьд судалгааныхаа үүргийг ухамсарлах чадвартай байхаас гадна жирийн иргэнтэй харилцаж чадах чадвар зайлшгүй байх ёстой. Энэ нь шинжлэх ухаан болон нийгмийн уялдаа холбоог үр дүнтэйгээр бий болгоход тун чухал билээ.
Ашигласан материал:
[1] Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хѳгжүүлэх мастер тѳлѳвлѳгѳѳ, 2007
[2] Science Communication: A Contemporary Definition, T. W. Burns et al., 2003
-
MOMENTUM цахим товхимол мэндэллээ!2021/09/01