Хүндэт илтгэгч - Andreas J. Heinrich
Нано шинжлэх ухаан, квант технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх судлаач, профессор Андреас Хайнрих “NomaTech ICMSN-2024 - Материал судлал, нанотехнологийн олон улсын хурал”-д хүндэт илтгэгчээр (plenary speaker) оролцох болсныг дуулгахад таатай байна.
Андреас Хайнрих нь 1998 онд Герман улсын Готтингений их сургуульд докторын зэргээ хамгаалж, IBM корпорацийн “Алмаден судалгааны төв”-д нийт 18 жилийн турш ажиллажээ. Тэрээр соронзон шинж чанартай атом хэрхэн электроноо алдаж байгааг судлан тогтоохын тулд дэлхийд анх удаа маш бага температурт (1К температураас бага хэм), хүчтэй соронзон орны нөлөөгөөр ажилладаг “Сканнинг туннелинг микроскоп (Scanning tunneling microscope, STM)” зохион бүтээжээ. Улмаар 2010 онд наносекунд (0.000000001 секунд) -ын хэмжээст ажилладаг сканнинг туннелинг микроскопыг бүтээж чадсан байна.
Энэхүү төхөөрөмжийг судалгааны нарийн аргатай хослуулан атом, молекул болон нано бүтцэт материалуудад ажиглагдах квант эффектүүд болон бусад шинж чанарыг атомын түвшинд судлан тогтоодог бөгөөд ийм төрлийн судалгаа нь квант технологи, квант компьютер болон тооцооллыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой билээ.
Бас нэгэн сонирхолтой ажлыг нь дурдвал, 2013 онд “A Boy and His Atom” гэсэн богино хэмжээний анимэйшн бүтээхэд оролцсон байна. Жирийн нэг хүүхэлдэйн кино шиг зүйл биш шүү, Сканнинг туннелинг микроскопоор нүүрстөрөгчийн дан исэл (CO)-ийн молекулуудыг нэг нэгээр нь хөдөлгөж, тоглон наадаж буй бяцхан хүүгийн дүрийг бүтээжээ. Гайхалтай биш гэж үү? Андреас багийн удирдагчийн хувиар “Энэ анимэйшнээр ямар нэгэн шинжлэх ухаантай шууд холбогдсон утга агуулга хүргэх гэсэнгүй. Оюутан сурагчдын сониуч занг өдөөх зорилготойгоор бүтээлээ” гэж хэлж байжээ.
Андреас Хайнрих 2016 оноос өнөөг хүртэл БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургууль (Ewha Womans University)-д профессороор, мөн 2017 оноос “Квант нано шинжлэх ухааны төв (Center for Quantum Nanoscience)”-ийг үүсгэн байгуулан квант технологийг түүчээлэх олон шинэ сонирхолтой судалгааны төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-
"НАНОТЕХНОЛОГИ - 2021" өдөрлөгт урьж байна!2021/10/02