"Falling Walls Lab Mongolia 2022" ОУ-ын эрдэм шинжилгээний форумын Үндэсний ялагч тодорлоо.
Falling Walls Lab бол шинийг санаачлагч, бүтээлч залууст зориулсан энтерпренер болон судалгаа, шинжилгээний салбарын хамтын ажиллагааг сайжруулах, холбох зорилготой олон улсын форум юм. Форумын үеэр оролцогчид хийж буй судалгаагаа болон бизнес загвар, шинэ санаачилгаа олон нийтэд 3 минутад багтаан танилцуулдаг юм.
МУИС болон Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяагийн дэмжлэгтэйгээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай хамтран "Falling Walls Lab Mongolia 2022" эрдэм шинжилгээний форумыг зохион байгуулж, үндэсний ялагчийг тодрууллаа.
Форумд МУИС, АШУҮИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль болон Юниверсал Мед, Брайт Пойнт зэрэг аж үйлдвэрийн байгууллагуудын залуу мэргэжилтэн, судлаачид оролцлоо.
Энэхүү эрдэм шинжилгээний форумд манай Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн судлаач Ц.Номин “Breaking the Wall of Waste-Derived Sustainable Biomaterials” cэдвээр оролцож, үндэсний ялагчаар тодорч, 2022 оны 11 дүгээр сарын 7-9-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдах Falling Walls Science Summit хуралд оролцох эрхийн эзэн болсон сайхан үйл явдал болж өрнөлөө.
Форумын шүүгчдийн багт МГТИС-ийн захирал, профессор Б.Батцэнгэл, МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор Т.Энхдөл, МУИС дахь Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) багш Эйлем Инаничи, ШУТИС-ийн дэд профессор Д.Энхбат, АШУҮИС-ийн ахлах багш Б.Баярцогт, ИБУИНХУ-ын Инженерчлэл, технологийн шинэ загварын институтын дэд профессор Сара Пийрс, Кенийн Кеняата их сургуулийн багш, судлаач Мэри Мванги нар ажиллалаа.
МУИС-ийн Нано шинжлэх ухаан, технологийн төвийн судлаач Ц.Номин “Breaking the Wall of Waste-Derived Sustainable Biomaterials” cэдвээр оролцож үндэсний ялагчаар тодорсон бол Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн багш, доктор Т.Нарангарав “Breaking the Wall of Innovation: Waste to Resources” cэдвээр дэд байр, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн багш С.Энхжаргал “Breaking the Wall of Watering Billion” cэдвээр гутгаар байранд тус тус шалгарлаа.
Үндэсний ялагчаар тодорсон Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн судлаач Ц.Номиндоо төвийн хамт олон, эрдэмтэн судлаачдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, цаашдынх нь эрдэм шинжилгээний ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан "Falling Walls Lab Mongolia 2022" эрдэм шинжилгээний форумын зохион байгуулагчдадаа талархал илэрхийлье.