0%

Эрдэмтэд гар хүрч БОЛДОГ холограм зохион бүтээжээ | MOMENTUM

Эрдэмтэд гар хүрч БОЛДОГ холограм зохион бүтээжээ | MOMENTUM

Та уран зөгнөлт sci-fi кинонуудаас гар хүрч, харилцах боломжтой 3 хэмжээст холограмыг цөөнгүй харсан байх. Тэгвэл удахгүй бид холограмыг нүдээр хараад зогсохгүй гараар хүрч мэдрэх боломжтой болох нь. Цаашид энэ технологийг ашиглан дэлхийн нөгөө захад байгаа хүнтэй виртулаар уулзаж, бүр гар барих боломжтой болохыг үгүйсгэхгүй.

ХОЛОГРАМЫН ҮҮСЭЛ

Холограм нь гэрлийн интерференцийг ашиглан огторгуйд 3 хэмжээст зураглал үүсгэх технологи юм. Холограмын технологи нь 1947 оноос эхлэлтэй боловч лазер зохион бүтээгдсэний дараа буюу 1960 оноос тодорхой дэвшилд хүрсэн байдаг¹. Холограмын нээлтээр Унгар-Британи гаралтай физикч Dennis Gabor 1971 онд Физикийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн юм². Холограф нь толь ашиглан агаарт хөвж буй мэт хуурмаг дүрс үүсгэдэг. Энгийн 3D технологитой харьцуулахад холограмыг нүдний шилгүйгээр шууд харж болдгоороо онцлогтой.

Hologram projection GIFs - Get the best gif on GIFER

Тэгвэл Glasgow их сургуулийн эрдэмтэд агаарын урсгал ашиглан бодит мэдрэмж өгдөг "Aerohaptic" холограмын судалгаагаа Advanced Intelligent Systems эрдэм шинжилгээний сэтгүүлд танилцууллаа.

"AEROHAPTIC" ХОЛОГРАМ

"Aerohaptic" холограм нь тусгай өмсгөл, төхөөрөмж (wearables) шаардахгүй бөгөөд хэрэглэгчийн гарын байршлыг мэдэрч, тухайн цэгт хариу хүчээр үйлчилснээр биетэй зүйлд хүрч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг байна. Систем нь "Leap Motion" гэх гадуур худалдаалагддаг хөдөлгөөн мэдрэгч, псевдо-холограф ба хэрэглэгчийн гар луу даралттай агаараар үйлчилдэг 'air jet'-с бүрдсэн.

Энгийнээр хэлбэр пирамид хэлбэрийн толь нь агаарт хуурмаг дүрс үүсгэж, хөдөлгөөн мэдрэгч нь гарын хөдөлгөөнийг мэдрээд даралттай агаараар үлээж, хүрэлцэх мэдрэмжийг зохиомлоор үүсгэж байгаа юм.

image

Энэ системийг цааш хөгжүүлснээр температурыг нь өөрчилж халуун, хүйтнийг мэдрүүлэх, үнэрлэх мэдрэмжтэй хослуулах зэргээр илүү бодит мэдрэмжийг өгөх боломжтой ажээ. Эртэмтэд бүтээлээ туршихын тулд сагсны бөмбөгийн холограмыг бүтээж, бөмбөгөө өнхрүүлж, залж хүртэл үзсэн байна. Бөмбөгийн холограм нь гарт яг л жинхэнэ мэт мэдрэгдэх бөгөөд залах үед гарыг цохих мэдрэмж нь ч ялгахын аргагүй байсныг дурьджээ³.

ЮУНД ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ВЭ?

1. Харилцаа холбоо

2017 онд АНУ-ын Verizon (USA), Өмнөд Солонгосын Korea Telecom нар 5G технологи ашиглан хамгийн анхны холографик утасны дуудлагыг хийсэн бөгөөд утсаар ярьж байгаа 2 хүний төрх, эмоци, үйлдлийг яг харуулж байжээ. Цаашид харилцаа холбоо улам бүр бодит мэт болох боломжтой.

2. Боловсрол

2015 онд Стенфордын их сургуулийн профессор, Нобелийн шагналт физикч Karl Wieman холограм ашиглан Америкаас Сингапурын Наняны технологийн их сургуульд лекц орж байжээ. Холограмын технологи ашиглан багш нар гэрээсээ нэг дор олон газар хичээл орох боломжтой болохоос гадна хүний дотор эрхтэн, сансар огторгуй гээд гайхамшигтай үзүүлэнгүүдийг хичээлдээ ашиглаж болох нь.

3. Орон зайн баримжаа

2017 онд Мюнихийн технологийн их сургуулийн эрдэмтэд Wi-Fi router ашиглан холограм бүтээх арга олжээ. Ингэснээр Wi-Fi router-н эргэн тойронд байгаа эд зүйлсийг дүрслэх боломжтой болсон юм. Энэ технологийг байгалийн гамшгийн үед нурангид дарагдсан хүмүүсийг эрж олох ашиглаж болно.

4. Маркетинг

Мэдээж бараа бүтээгдэхүүнийг холограм ашиглан олон олон хэрэглэгчдэд гар дээр нь тавьсан мэт үзүүлэх нь ирээдүйд маркетингийн чухал хэрэгсэл болох нь гарцаагүй. Ингэснээр хэрэглэгчид заавал дэлгүүр оролгүйгээр хүссэн бүтээгдэхүүнээ эргүүлж тойруулан үзэж болно.

5. Энтертайнмент шоу

2012 онд Digital Domain studio холограм ашиглан Tupac Shakur-ыг эргүүлэн авчирч байсныг зарим уншигчид санаж байгаа байх. Холограм ашиглан дуртай хамтлаг, дуучны тоглолтыг дэлхийн бүх стадионд зэрэг тоглуулах, хэдийнэ үгүй болсон түүхэн хүмүүсийг "амилуулах" боломжтой⁴. "Black Mirror" цуврал дээр гардаг шиг холограм дүрийг синтетик дуу хоолойтой хослуулан цоо шинэ уран бүтээл толилуулахыг ч үгүйсгэхгүй.

Хэдийгээр энэ технологи нь хөгжлийн эхэн шатандаа яваа ч гэсэн цаашдаа дээр дурьдсанаар хязгаарлагдахгүй олон гайхалтай боломжийн эхлэлийг тавьж байна.


Эх сурвалж:

  1. "hologram." Merriam-Webster.com. Merriam-Webster (2021).

  2. "The Nobel Prize in Physics 1971". Nobelprize.org.

  3. Christou, Adamos, Radu Chirila, and Ravinder Dahiya. "Pseudo‐Hologram with Aerohaptic Feedback for Interactive Volumetric Displays." Advanced Intelligent Systems (2021): 2100090.
  4. "Holograms in Real Life: How the Technology Works and Industry Use Cases". Respeecher (2021).
Бусад мэдээ