Анх удаа Эрдэнэт хотоор зочилж үзсэн минь | MOMENTUM
МУИС-ХШУИС-ийн Наношинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн 4-р түвшний оюутан П.Мөнхзаяагийн Эрдэнэт хотод байрлах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэт" Цогцолбор дээд сургуулиар зочилсон тэмдэглэлийг хүлээн авна уу.
Эрдэнэт хот нь Монгол улсын гурав дахь том хот гэгддэг бөгөөд улсын ихэнх үйлдвэрлэлтийг хангадаг, аж үйлдвэрийн томоохон төв билээ. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь зэс, молебдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулж 580.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 5.0 орчим мянган тонн молебдений баяжмал үйлдвэрлэдэг.
Миний хувьд анх удаа Эрдэнэт хотод зочлоод хамгийн сэтгэл татсан зүйл гэвэл Улаанбаатар хотоос ялгаатай нь маш цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, амгалан тайван газар шиг санагдсан. “Эрдэнэт Цогцолбор Дээд сургууль”-тай танилцахад анги танхим, лабораториуд нь оюутан залуус дадлага ажил хийхэд тохиромжтой, “Олон улсын стандартад нийцсэн” анги танхим, номын сан, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргээр бүрэн цогцлогдсон байсан нь миний сонирхлыг илүү их татсан.
Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дээж бэлтгэлээс ахуулаад, баяжуулалт, түүнд тохирсон судалгаа шинжилгээ, үр дүн хүртлээ нарийн технологийн дагуу инженерүүд эх орныхоо бүтээн байгуулалтанд чин сэтгэлээсээ гар бие оролцон томоохон хувь нэмэр оруулж байгааг хараад би мэргэжлээрээ бахархаж, улам дурлах болсон.
Эцэст нь хэлэхэд энэхүү дэлхийд данстай томоохон үйлдвэрийг үеийн үед хадгалан өвлүүлж, хөгжин цэцэглүүлэхэд залуус бид чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэх хэрэгтэй гэж бодож байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Нийтлэлийг бэлтгэсэн:
-
MOMENTUM цахим товхимол мэндэллээ!2021/09/01