Байгалийн нөөцөд тулгуурласан технологийг хөгжүүлэх зорилгоор МУИС-ШУТИС хамтарсан баг Өмнөговь аймагт

2022 оны 8-р сарын 13 - 08-р сарын 17
2022 оны 8-р сарын 13-наас 17-ний өдрийн хооронд МУИС-ийн “Нано шинжлэх ухаан, нано технологийн төв” болон ШУТИС-ийн “Шатах ашигт малтмал боловсруулалтын лаборатори” хамтарсан судалгааны баг Өмнөговь аймгийн “Инноваци, Технологийн төв”, “ Оюу толгой” ХХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК- тай дотоодын их сургуулиуд хоорондын хамтарсан судалгааг хөгжүүлэх, Өмнөговь аймагт хийгдэж байгаа уул уурхайн томоохон бүтээн байгуулалтад багахан ч гэсэн гар бие оролцох, байгалийн нөөцөд тулгуурласан судалгаа инновац, технологитой үзэх зорилготойгоор ажилласан.
1. ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИЙН ТӨВ
Өмнөговь аймгийн засаг даргын дэргэдэх “Инноваци, Технологийн төв”-ийн менежер болох Г.Өнөржаргал манай хамтарсан судалгааны багийг угтан авч, төвийн үйл ажиллагаатай танилцууллаа. “Инноваци, Технологийн төв” нь бүс нутгийн ажлын байр нэмэгдүүлэх болон өрхийн орлогыг өсгөх бодлогын хүрээнд:
- Бизнес инкубаторын үйл ажиллагаа;
- Техник, технологийн нутагшуулалт;
- Зөвлөх туслах үйлчилгээ;
- Зах зээлийн идэвхжүүлэлт, стандартчилал зэрэг үндсэн 4 үйл ажиллагаа явуулдаг.
“Инноваци, Технологийн төв” нь одоогоор саримс үржүүлэх, цагаан болон улаан гоёог нутагшуулах гэсэн 2 төсөл дээр ажиллаж байна. Цаашлаад нано-инженерчлэл, нанотехнологийн төслүүдийг ихэд сонирхож байгаа бөгөөд МУИС болон ШУТИС-тай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид хийх боломжтой ажлуудын талаар санал солилцсон. Хамтарсан судалгааны баг өмнө нь хийж гүйцэтгэсэн төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд үүний хүрээнд мэргэшсэн уул уурхайн инженерүүдэд инноваци технологи дамжуулалт чиглэлээр залуучуудыг дэмжих зорилгоор тус тус цахим болон танхимаар сургалт хийлгэх санал илэрхийлсэн юм.
2. "ОЮУ ТОЛГОЙ" ХХК
“Оюу толгой ХХК” нь зэс, алтны уурхай ба дэлхийн хамгийн том бөгөөд өндөр чанартай зэсийн ордын нэг юм. Баяжуулах үйлдвэрийн судалгаа, хөгжлийн металлургич Д.Бүдрагчаа биднийг хүлээн авч, үйлдвэртэйгээ танилцуулсан. Тэрээр одоо ажиллаж буй инженер, техникийн ажилчдад зориулсан зэсийн баяжуулалт бүлэг сэдвийн хүрээнд богино хугацааны буюу 14 хүртэлх хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. “Оюу толгой" ХХК нь шинэ төгсөгчдийг ажлын байраар хангахын зэрэгцээ их, дээд сургуулийн оюутнуудыг богино болон урт хугацааны дадлага хийлгэдэг. Дадлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг албан ёсны веб хуудаснаас авах боломжтой.
3. “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Амаржаргал биднийг хүлээн авч, ил уурхайтай танилцуулсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг 100,000 хүн ажиллаж, амьдрах боломжтой “Эрдэнэсийн хот” болгон өргөжүүлэх суурь нь тавигдан ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өөрөө 5 сая тоннын хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийг нээхээр ажиллаж байна. Ингэснээр хамтран ажиллаж буй компаниудтайгаа нийлээд жилд 6,5 сая тонныг баяжуулах боломжтой болох бөгөөд цаашлаад 30 сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барихаар ТЭЗҮ боловсруулсан байна. Үүнийг дэлгэрүүлбэл жилд 30 сая тонн хүртэлх нүүрсийг хүлээн авч, баяжуулах хүчин чадалтай байх бөгөөд хоорондоо хамааралгүй бие даасан байдлаар ажиллах боломжтой, тус бүр 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай 3 модулиас бүрдэнэ. 1 модуль нь 5 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий 2 шугамтай байхаар төлөвлөгдсөн. Үйлдвэрлэлийн байршлын бүсийг сонгохдоо уурхайн үйл ажиллагаа, гадаргуугийн ерөнхий төлөвлөлт, цаг уурын ерөнхий нөхцөл, бусад томоохон дэд бүтцийн төслийн үйл ажиллагаатай уялдуулж төслийн эхний шатны жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумнаас зүүн урд зүгт орших Тавантолгой үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалт бүхий 1040 га газарт байгуулахаар төлөвлөж, барилга, угсралтын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.
Цаашлаад 2 болон 3-р модулиудыг Цанх, Бортээгийн уурхай ба Сайншандын үйлдвэрлэлийн бүсэд байгуулах боломжийн талаарх судалгааны ажлуудыг хийж байгаа талаараа дурьдлаа.
Хамтарсан судалгааны багийн Өмнөговь аймагт ажилласан үр дүнгээс харахад цаашид инженер техникийн хүний нөөц бэлтгэх, сургах, боломжтой төсөл хөтөлбөрийг талууд хэлэлцэх, оюутан, залуу судлаач инженерүүдийг дадлагажуулах зэрэг олон сайхан ажлуудын үүд хаалга нээгдлээ гэж үзэж байна.